ТАМГА, ТЭМДЭГ, БАТАЛГААНЫ ТЭМДЭГ, ХЭВЛЭМЭЛ ХУУДАС ХИЙЛГЭХ, ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Засгийн Газрын 2001 оны 41 дүгээр тогтоолын хавсралт
ТАМГА, ТЭМДЭГ, БАТАЛГААНЫ ТЭМДЭГ, ХЭВЛЭМЭЛ ХУУДАС ХИЙЛГЭХ, ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Нэг.Нийтлэг үндэслэл

1. Төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмыг энэ заавраар зохицуулна.
 2. Дор дурдсан төрийн байгууллага, албан тушаалтан тамга хэрэглэнэ:
 а/Монгол Улсын Ерөнхийлөгч;
 б/Монгол Улсын Их Хурал;
 в/ Монгол Улсын Засгийн газар;
 г/Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;
д/Монгол Улсын яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, түүнчлэн үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль, Засгийн газрын шийдвэрээр тодорхойлогддог төрийн байгууллага;
е/аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурал;
ж/бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар;
з/шүүх, прокурор, цагдаагийн төв болон орон нутгийн байгууллага;
и/Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул;
 к/Төрийн архив, нотариат, шүүхийн шийдвэр биелүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллага.
3. Тамга нь төрийн тамга, төрийн байгууллагын тамга гэсэн хоёр төрөлтэй байна.
Төрийн тамга түүнтэй холбоотой асуудлыг “Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль”-иар зохицуулна.
4. Төрийн байгууллагын тамга, тэмдэг нь дөрвөлжин хэлбэртэй, түүн дээрх бичээс нь  дармал монгол үсгээр  бичигдсэн байна. Тамганд соёмбыг дүрслэхдээ Үндсэн хуульд хавсаргасан нэгж хэмжээсийг чанд баримтална.
5. Энэ зааврын 2-т заасан байгууллага нь албан хэрэгтээ тамганы зэрэгцээ тэмдэг хэрэглэж  болно. Тэмдэг нь тухайн байгууллагын тамгатай ижил хэмжээтэй байна.
Төрийн бус бусад байгууллага, хуулийн этгээд тэмдэг хэрэглэнэ.
6. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг бусад байгууллага хуулбарлан хэрэглэхийг хориглоно.
7. Тамга, тэмдгийг албан тушаалын нэрийн эхний үсгүүдийг оруулан бүтэн, тэгш, тод дарна.
8. Санхүүгийн болон банкны баримт бичгийн тусгайлан заасан хэсэгт энэ зааврын 2-т заасан байгууллага нь тамга, бусад байгууллага тэмдэг дарна.
9. Тусгайлан заагаагүй бол албан  бичгийн гадаадад явуулах хувь дээр тамга, тэмдэг дарахгүй.
10. Хэвлэмэл хуудас нь зориулалтын хувьд албан бичгийн, захирамжлалын гэсэн 2 төрөлтэй байна.
Албан бичгийн хэвлэмэл хуудас нь байгууллага, албан тушаалтны гэсэн 2 нэр төрөлтэй байна.
11. Байгууллага, албан тушаалтны албан бичгийн хэвлэмэл хуудсанд байгууллага /зохион байгуулалтын нэгж/ болон албан тушаалын нэр, хаяг, байгууллагын регистрийн дугаар, шуудангийн индекс, харилцах утас /факс, электрон шуудан/, огноо, дугаарыг бичсэн байна.
12. Захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудсанд байгууллага, албан тушаалын нэр, баримт бичгийн нэр, огноо, дугаар, байгууллагын байрлаж буй газар, хотын нэрийг бичсэн байна.
Монгол Улсын хуулийн хэвлэмэл хуудас нь Төрийн сүлд, огноо, Төрийн ордон, Улаанбаатар хот гэсэн бүрдэлтэй байна.
13.  Хэвлэмэл хуудсыг А4 /210х297мм/, А5 /148х210мм/ хэмжээтэй сайн чанарын цаасан /80 гр/ дээр стандартын дагуу хэвлэлийн аргаар бэлтгэнэ. Ажлын шаардлагын үүднээс А3 /297х420мм/ хэмжээтэй цаасыг хэвлэмэл хуудсанд хэрэглэж  болно.
14. Хэвлэмэл хуудасны бүрдлүүд, түүнд дүрсэлсэн сүлд, соёмбыг хөх буюу хар өнгөөр стандартын дагуу үйлдэнэ.
Сүлд, соёмбыг дүрслэхдээ Үндсэн хуулийн хавсралтад заасан сүлдний тэг харьцаа, соёмбоны нэгж хэмжээсийг чанд баримтална.
15. Архивын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан төрийн архивын сан үүсгэгч төрийн  байгууллагуудын хэвлэмэл хуудасны эх загварыг Үндэсний архивын газар гаргана.

Хоёр. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх

16. Төрийн байгууллага, Иргэдийн Төлөөлөгчдийн болон Иргэдийн Нийтийн Хурлын тамга, тэмдэгний дардасны хэсгийг резинээр хийсэн байх бөгөөд дор дурдсан хэмжээ, бичээстэй байна:
а/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын тамга нь 5,5х5,5х2,0 см-ийн хэмжээтэй, төв хэсэгт нь соёмбо байрлуулсан, түүний баруун талд нь “Монгол Улсын”, зүүн талд “Ерөнхийлөгч”, “Их хурал”, “Засгийн газар” гэсэн бичээс тус тус бичигдсэн байна;
б/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тамга нь 5,0х5,0х1,0 см-ийн хэмжээтэй, төв хэсэгт нь  соёмбо байрлуулсан, түүний баруун талд нь “Монгол Улсын Их Хурлын”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн”, “Монгол Улсын Засгийн газрын” гэсэн бичээс, зүүн талд  нь “Тамгын газар”, “Хэрэг эрхлэх газар” гэсэн бичээс тус тус бичигдсэн  байна;
 в/ яам, түүнчлэн үйл ажиллагаа нь хуулиар буюу Засгийн газрын шийдвэрээр тодорхойлогддог төрийн байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул болон шүүх, прокурор, цагдаагийн төв байгууллагуудын тамга нь 5,0х5,0х1,0 см хэмжээтэй, төв хэсэгт нь соёмбо байрлуулсан, баруун талд  нь “Монгол Улсын” гэсэн бичээс, зүүн талд нь тухайн байгууллагын нэр бичигдсэн байна;
г/ аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамга нь 5,0х5,0х1,0 см  хэмжээтэй, төв хэсэгт нь соёмбо байрлуулсан ба түүний хоёр талаар “…аймаг /нийслэл/-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэсэн бичээс тэгш байрлалтай бичигдсэн байна;
д/ аймаг, нийслэлийн Засаг даргын тамга нь 5,0х5,0х1,0 см хэмжээтэй, төв хэсэгт нь соёмбо байрлуулсан, баруун талдаа “Монгол Улсын”,  зүүн талдаа “…аймаг /нийслэл/-ийн Засаг дарга”  гэж  бичигдсэн байна;
е/ Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн тамга нь 4,5х4,5х1,0 см хэмжээтэй, төв хэсэгт нь  соёмбо байрлуулсан, баруун талд нь “Монгол Улсын Засгийн газрын тохируулагч /хэрэгжүүлэгч/ агентлаг” гэсэн бичээс, зүүн талд нь тухайн агентлагийн нэр бичигдсэн байна;
ж/ шүүх, прокурор, цагдаагийн орон нутгийн байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын тамга нь 4,5х4,5х1,0 см хэмжээтэй, төв хэсэгт нь соёмбо байрлуулсан, түүний баруун талд нутаг дэвсгэрт нь оршиж байгаа засаг захиргааны нэгжийн нэр, зүүн талд нь уг байгууллагын нэрийг бичсэн байна;
з/ сум, дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын тамга нь 4,5х4,5х1,0 см хэмжээтэй, төв хэсэгт нь соёмбо байрлуулсан, түүний хоёр талаар “аймаг /нийслэл/-ийн  …сум /дүүрэг/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэсэн бичээс тэгш байрлалтай бичигдсэн байна;
и/ сум, дүүргийн Засаг дарга, хотын захирагчийн тамга нь 4,5х4,5х1,0 см хэмжээтэй, төв хэсэгт нь соёмбо байрлуулсан, түүний хоёр талаар “аймаг /нийслэл/-ийн      …сум /дүүрэг/-ын Засаг дарга”, хотын захирагчийн тамга нь “… хотын захирагч” гэсэн бичээс тэгш байрлалтай бичигдсэн байна;
к/ баг, хорооны Засаг дарга, Иргэдийн Нийтийн Хурлын тамга, тосгоны захирагч, нотариатч, үл хөдлөх эд хөрөнгийн байгууллага, аймгийн архивын тасгийн  тамга нь 4,0х4,0х1,0 см хэмжээтэй, түүний төв хэсэгт соёмбо байрлуулсан байна.
Баг, хорооны Засаг даргын тамганд “… сум /дүүрэг/-ын … дугаар баг /хороо/-ийн Засаг дарга”, Иргэдийн Нийтийн Хурлын тамганд “… сум /дүүрэг/-ын … дугаар баг /хороо/-ийн Иргэдийн Нийтийн Хурал” гэсэн бичээс соёмбоны хоёр талаар тэгш байрлалтай бичигдсэн байна.
Нотариатчийн тамга нь соёмбоны баруун талд “Нотариатч”, зүүн талд “дугаар…” гэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагын тамга нь соёмбоны 2 талаар “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллага” гэсэн бичээсийг тэгш байрлуулсан, аймгийн архивын тасгийн тамга нь соёмбоны баруун талд “…аймгийн” гэсэн, зүүн талд “архивын тасаг” гэсэн  бичээс  тус тус бичигдсэн байна.
17. Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газар нь төв хэсэгтээ соёмбо байрлуулсан, түүний баруун талд “Монгол Улсын”, зүүн талд нь “Гадаад хэргийн яамны Консулын газар”; “Элчин сайдын яам”; “Байнгын төлөөлөгчийн газар”; “Ерөнхий Консулын газар” гэсэн нэр тус тус бичигдсэн 2,0х2,0 см-ийн хэмжээтэй дөрвөлжин дардас бүхий тамгатай байж болно.
Энэ тамгыг зөвхөн гадаадын иргэд тус улсад зорчих виз, зөвшөөрөл олгоход паспорт дээр дарахад хэрэглэнэ.
18. Тамга хийлгэх зөвшөөрлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх зөвшөөрлийг цагдаагийн байгууллага олгоно.
19. Тэмдэг хийлгэхдээ тухайн байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, захиалга болон загварыг аймаг, хотын цагдаагийн байгууллагад өгч хянуулан, хийлгэх хугацааг  тохиролцоно.
20. Иргэд  баталгааны тэмдэг хэрэглэж болно.
Баталгааны тэмдэгт иргэний эцгийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, цагдаагийн байгууллагаас олгосон регистрийн дугаарыг бичсэн байна.
21. Иргэд баталгааны тэмдгийг хийлгэхдээ өргөдөл, иргэний үнэмлэхээ аймаг, хотын цагдаагийн байгууллагад өгч хянуулан, хийлгэх хугацааг  тохиролцоно.
22. Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг захиалгын дагуу цагдаагийн байгууллага хийж  бүртгэн, дардсыг авч захиалагчид олгоно.
23. Төрийн байгууллагын тэмдэгт тухайн байгууллагын харьяалал, зохион байгуулалтын нэгжийн нэр бичигдсэн байна. Бусад байгууллага, аж ахуйн нэгжийн тэмдэгт түүний харьяалал, оноосон нэр, өмчийн хариуцлагын ялгаа, цагдаагийн байгууллагаас олгосон регистрийн болон улсын бүртгэлийн дугаарыг бичсэн байна.
24. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 9-д заасан байгууллагуудын хэвлэмэл хуудас сүлдтэй, бусад тамга хэрэглэх эрх бүхий төрийн байгууллагын хэвлэмэл хуудас соёмботой байна.
25. Монгол Улсын хууль,     Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын хэвлэмэл хуудсанд Төрийн сүлдийг голлон байрлуулах ба “Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 2-т заасан өнгөөр хэвлэнэ.  Сүлдний хэмжээ нь 30х35мм байна.
26. Аж ахуйн нэгж, бусад хуулийн этгээд хэвлэмэл хуудсанд өөрийн байгууллагын  билэгдэл тэмдэг хэрэглэж болно.
27. Дор дурдсан байгууллагын хэвлэмэл хуудсыг Засгийн газрын хэвлэх үйлдвэрт хэвлэнэ:
 а/Монгол Улсын Ерөнхийлөгч;
 б/Монгол Улсын Их Хурал;
 в/Монгол Улсын Засгийн газар;
 г/Үндэсний аюулгүй байдлын зөвлөл;
 д/Үндсэн хуулийн цэц;
      е/Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар.
28. Яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг болон үйл ажиллагаа нь Монгол Улсын хуулиар тодорхойлогддог төрийн байгууллагын хэвлэмэл хуудсыг Үндэсний архивын газарт нэгдсэн журмаар хэвлэнэ.
29. Аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагын хэрэглэх хэвлэмэл хуудсыг стандартын дагуу хэвлүүлэх зөвшөөрлийг орон нутгийн архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч олгоно.
30. Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул нь хэвлэмэл хуудсаа гадаадад хэвлүүлж болно.
Гадаадад хэвлүүлэх хэвлэмэл хуудасны эх загварыг Үндэсний архивын газарт хянуулж зөвшөөрөл авна.

Гурав. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх

31. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын тамгыг Ерөнхийлөгч,  Улсын Их Хурлын дарга болон дэд дарга, Ерөнхий сайдын гарын үсэг зурсан баримт бичигт дарна.
Монгол Улсын сайд нь Засгийн газрын гишүүний хувьд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Ерөнхийлөгч болон Улсын Их Хуралд Засгийн газрын өмнөөс санал оруулах, албан бичиг явуулахад Засгийн газрын хэвлэмэл хуудас, тамгыг хэрэглэнэ.
 32. Яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, түүнчлэн үйл ажиллагаа нь  хуулиар буюу Засгийн газрын шийдвэрээр тодорхойлогддог төрийн  байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж  байгаа дипломат төлөөлөгчийн газрын тамгыг сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, дарга, дэд дарга; тэмдгийг газар, хэлтэс, тасаг, албаны дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны гарын үсэг зурсан баримт бичиг дээр дарна.
33. Бүх шатны Засаг даргын тамга, тэмдгийг Засаг дарга, тэдгээрийн  орлогч, хот, тосгоны захирагчийн тамга, тэмдгийг хот, тосгоны захирагч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Нарийн бичгийн дарга, Иргэдийн Нийтийн Хурлын тамгыг Хурлын Тэргүүлэгчдийн даргын гарын үсэг зурсан баримт бичиг дээр дарна.
34. Зохион байгуулалт захирамжлалын баримт бичгийн хуулбарыг баталгаажуулж  тэмдэг дарна.
35. Гадаад хэргийн яам, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газар нь ноот, санамж  бичиг, солилцсон захидлыг ноот бичгийн цаасан дээр бичих бөгөөд тамга дарахгүй.
Төрийн тэргүүн, Гадаад хэргийн сайдаас гадаадад явуулах илгээлтэд тусгай хэвлэмэл хуудас хэрэглэх буюу түүн дээр тамга дарахгүй.

Дөрөв. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг,  хэвлэмэл хуудасны хадгалалт, хамгаалалт, бүртгэл тооцоо

36. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд  бөх бат саванд хадгална.
37. Тамга, тэмдгээ түших болон хэвлэмэл хуудсыг хариуцах хүнийг байгууллагын удирдлага томилно.
38. Байгууллага нь бүх төрлийн хэвлэмэл хуудсыг нэр төрлөөр нь ангилж, хэвлэмэл хуудасны баруун доод өнцөг /дороосоо 10мм-ийн зайтай/-т тус бүрийн дугаарыг тусгай дугаарлагчаар дугаарлана.
39.Гэмтэлтэй буюу анхны загвараас дардас нь зөрүүтэй тамга, тэмдэг ашиглахыг хориглох бөгөөд ийм тамга, тэмдгийг цагдаагийн байгууллагад хураалгаж шинээр хийлгэнэ.
40.Тамга, тэмдэг алдагдвал цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж харьяа болон харьцдаг байгууллагадаа уг тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хүчингүй болсныг зарлана.
Алдагдсан тамга, тэмдэг, баталгааны тэмдэг олдвол түүнийг дахин хэрэглэхгүй.
41. Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн ашиглалтад цагдаагийн байгууллага, хэвлэмэл хуудсыг хийлгэх, хэрэглэх асуудалд Үндэсний архивын газар тус тус хяналт тавина.
42. Энэ заавар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүст нэгэн адил  хамаарна.
—-оОо—-